“Монголын үнэлгээний холбоо” санаачлан зохион байгуулдаг 4 дэх удаагийн олон улсын сургалт Горхи-Тэрэлжийн цогцолборт газарт нээлтээ хийлээ. Энэ сарын 7-11 хүртэл үргэлжлэх тус сургалт Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөр болон өргөжиж, энэ удаа үнэлгээг хэрхэн зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлбарлах, үр дүнг ашиглах чадварыг бэхжүүлэх зорилгын дор НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, хяналт-шинжилгээтэй холбоотой бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр зохион байгуулагдаж байгаа юм.
Сургалтад Филиппин, Гана, Азербайжан, Узбекистан, БНХАУ, Сьерра Леон, Танзани, Бутан, БНЭУ зэрэг 10 гаруй орны 25 үнэлгээчин, Монголын талаас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар тэргүүтэй төрийн болон орон нутгийн албан хаагч, зочид төлөөлөгчид оролцож байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Монголын үнэлгээний холбоо, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) хамтран тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Нээлтийн үеэр ЗГХХГ-ын дарга П.Батбаатар: Монгол улс цаашдаа үнэлгээнд тулгуурлаж хөгжлийн дараагийн бодлогоо тодорхойлоход төрийн оролцоо, дэмжлэг хамгаас чухал болохыг тодотгоод, Монгол улсын Засгийн газар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар үр дүнг сайжруулах, бодлогын хэрэгжилтийг илүү үр нөлөөтэй болгох чиглэлээр үнэлгээнд суурилсан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Шинээр мэргэшиж буй үнэлгээчид төдийгүй төрийн байгууллагын үнэлгээний мэргэжилтнүүдийн хувьд тус сургалт нь олон улсын сайн туршлагуудыг судлах, үнэлгээний орчин үеийн арга зүй, цахим шийдлүүдтэй танилцах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллахад маш чухал сургалт юм.
Сургалтын үеэр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар олон улсын хамтын ажиллагааны хэд хэдэн хоёр талт уулзалтыг хийх юм.