Үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллагуудын үнэлгээний чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой “4 дэх удаагийн Үнэлгээний зуны сургалт” Горхи-Тэрэлжийн цогцолборт газарт үргэлжилж байна.
Тус сургалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар Германы Хөгжлийн үнэлгээний хүрээлэн (DEval), Азийн хөгжлийн банк (ADB), Ази Номхон далайн бүсийн Үнэлгээний холбоо (APEA), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтуудаар Монгол Улсын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явц, үр дүнгийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тухайлбал үнэлгээний чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах, хамтарсан үнэлгээ хийх, үндэсний үнэлгээний тогтолцооны шинжилгээ (MESA), олон улсын сайн туршлага нэвтрүүлэх, үнэлгээний арга зүй, стандарт боловсруулах, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор цахим сургалт хамтран боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.