Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаанд хийсэн цогц тандалт судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, дотоод удирдлага, эрсдэлийн удирдлага, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зөвлөн туслах уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон холбогдох албан хаагчид оролцсон юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүргэх, эмнэлгийн байгууллагуудтай гэрээ байгуулах, нэхэмжлэлийн хяналт тавих, даатгалын санг удирдах зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг өргөн цар хүрээтэй чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Уулзалтын үеэр ЗГХХГ-аас хийсэн тандалт судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулсан бөгөөд байгууллагын бүтэц, чиг үүрэг, процессын шинжилгээ, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн үнэлгээ, иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, хөгжлийн бодлого төлөвлөлтийн биелэлт болон иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа зэрэг олон талт асуудлыг хамруулжээ.
Судалгааны дүнд тулгуурлан ЗГХХГ-аас цаашид анхаарах асуудлаар байгууллагын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тэдгээр нь үйл ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн удирдлагыг шинэ түвшинд гаргах, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах чиглэлийг хамарч байна. Ялангуяа иргэдийн өргөдөл гомдлыг анхны шийдвэрээр бүрэн шийдвэрлэх, шийдвэрлэлтийн чанар болон иргэдийн сэтгэл ханамжийг тогтмол үнэлж байх, байгууллагын бүх нэгж дэх эрсдэлийн мониторинг, хяналтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг онцлон зөвлөв.