ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026-06-25
Төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандарт, арга зүйг нэвтрүүлэх, мэдлэг түгээн дэлгэрүүлэх чадавхтай үндэсний сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яам, агентлагийн төрийн захиргаа, удирдлага, бодлого төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг 70 гаруй удирдах болон гүйцэтгэх албан хаагч оролцож байна.
Сургалтын нээлтийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар “Төрийн захиргааны байгууллагуудын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээний дундаж 1.5 буюу ‘Үндэс суурь бүрдээгүй’ түвшинд байгаа нь энэ чиглэлийн мэдлэг, арга зүй, хэрэгжилтийг манлайлах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Иймээс энэхүү сургалтаар төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын соёлыг төлөвшүүлэх, мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байна” хэмээн онцоллоо.
Сургалтын хүрээнд оролцогчид эрсдэлийн удирдлагын суурь ойлголт, олон улсын сайн туршлага, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх, хяналт-шинжилгээ хийх арга зүйг эзэмшихээс гадна байгууллага, салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх практик ур чадвар эзэмших юм.

See less