СҮХБААТАР, ХЭНТИЙ, ДОРНОД, ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
2026-06-26
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй нийтлэг асуудал, төрийн бүтээмж, процессын дахин инженерчлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой уулзалтыг Сүхбаатар аймагт зохион байгуулж байна.
Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид болон Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож байгаа бөгөөд танхимаар 130, цахимаар 26, нийт 156 албан хаагч хамрагдаж байна.
Арга хэмжээг нээж Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат үг хэлж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ болон эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Засгийн газар дахь хяналтын тогтолцоо”, “Төрийн бүтээмж, орон нутагт анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, төрийн байгууллагын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Золбоо “Хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр, Хяналт шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Ө.Манжил “Засгийн газрын хяналт шалгалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан санал солилцлоо.
Үдээс хойш Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагууд 5 аймгийн төлөөлөлтэй хяналт-шинжилгээ, үнэлгээ, стратеги төлөвлөлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгайлсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

See less