ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ 70 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ
2026-07-02
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, салбар бүрд нэгдсэн арга зүйг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эрсдэлийн удирдлагын үндэсний сургагч багш бэлтгэх” 32 цагийн сургалт амжилттай өндөрлөж, нийт 70 сургагч багш бэлтгэгдлээ.
Дөрвөн өдрийн сургалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, яам, агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдаж, эрсдэлийн удирдлагын олон улсын чиг хандлага, эрх зүйн орчин, эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ төлөвлөх, хяналт-шинжилгээ, тайлагналын арга зүйг онол, практик хослуулан эзэмшлээ.
Сургалтын үеэр оролцогчид багийн дасгал ажил, хэлэлцүүлгээр дамжуулан эрсдэлийн удирдлагын арга хэрэгслийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ур чадвараа хөгжүүлсэн бөгөөд цаашид өөрийн байгууллага, салбартаа мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багшийн үүргийг хэрэгжүүлэх юм.
Сургалтын хаалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар хэлсэн үгэндээ эрсдэлийн удирдлага нь зөвхөн журам боловсруулах ажил бус, байгууллагын зорилго, төлөвлөлт, шийдвэр гаргалт, өдөр тутмын үйл ажиллагаанд эрсдэлийг тооцож, боломжийг үр ашигтай ашиглах байгууллагын соёл болохыг онцлон тэмдэглэв. Мөн өнөөдрөөс эхлэн бэлтгэгдсэн сургагч багш нар байгууллага бүртээ эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллахыг онцлоллоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үндэсний сургагч багшийн чадавхыг бэхжүүлэх ажлыг цаашид үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.