Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын алба хаагчид “Чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001” стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар, авлигын эсрэг менежмент, эрсдэлийн удирдлагын менежмент, аудитын арга зүй сэдвийн хүрээнд Олон улсын стандартын академийн сургалтад хамрагдав.
Энэхүү сургалт 2024.11.18-22-ны өдрийг дуустал үргэлжилж, сургалтын эхний өдөр чанарын менежментийн тогтолцооны суурь, менежментийн тогтолцоо, байгууллагын төлөв байдлыг ойлгох нь, чанарын менежментийн хүрээг тодорхойлох нь, эрх мэдэл, үүрэг хариуцлагын тогтолцоо сэдвээр сургалт хэлэлцүүлэг өрнөсөн бол хоёр дахь өдөр байгууллагын төлөвлөлт, нөөц, ажиллагаа, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх талаар, гурав дахь өдөр авлигын эсрэг менежментийн тогтолцоо, олон улсын баталгаажуулалтын дүн мэдээ, байгууллагын гадаад дотоод орчны төлөв байдал, авлигын эсрэг хяналт шалгалт, дөрөв дэх өдөр эрсдэлийн менежментийн зарчмууд, тав дахь өдөр аудитын суурь асуудал, төрлүүдийн мэргэжлийн өргөн хүрээний сэдвүүдийг тус тус авч үзэв.
Орчин үеийн шинжлэх ухааны нэр томьёо, ойлголт, үнэлгээний аргууд шинэ тутам өөрчлөн хөгжиж байгаа бөгөөд энэхүү сургалт нь байгууллагын алба хаагчдыг шинэ мэдээ, мэдээллээр хангаж, чадавхжуулах, байгууллагын үйл ажиллагааг шинэ тутам сайжруулах ач холбогдолтой төдийгүй тухайн байгууллагаас төрийн байгууллагад хяналт тавих үйл ажиллагаанд эдгээр стандартын дагуу эрсдэлийг тодорхойлж, үнэлж дүгнэдэг онцлогтой юм.
Төрийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ шуурхай, хүртээмжтэй, чанартай, хүнд сурталгүй байлгахад олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, цаашлаад байгууллага үйл ажиллагааны зорилгодоо хүрэхэд нөлөөлж болохуйц эрсдэлүүдийг тооцох, үр дүнгээ хэрхэн үнэлэх зэргээр үр дүнтэй сургалт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.