Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний хүрээлэнтэй хөгжлийн бодлогын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд бодлогын үнэлгээг хамтран хэрэгжүүлж харилцан суралцах, үндэсний үнэлгээний стандартыг боловсруулан хэрэгжүүлэх, улсын үнэлгээний чадавхын индексийн үнэлгээг хоёр жил тутамд зохион байгуулах, хөгжсөн улс орнуудын үнэлгээний аргачлал болон сайн туршлагыг судлах зорилгоор олон улсын бага хурал, сургалт, зөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг оролцуулах, мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд урт, дунд, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж эхлээд Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индексийг тогтоох, судалгааны үр дүнг танилцуулах Үндэсний чуулганыг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анх удаа амжилттай зохион байгуулсан.