ГААЛИЙН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЭЖ, ШАТ ДАМЖЛАГА 40%-ИАР БАГАСЛАА
2025-09-09
2025 оны 7-р сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахалж байна.
Ажлын хэсгийн шийдвэрээр 2025 оны 7-р сарын 24-нөөс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулж, гаалийн үйл ажиллагааны 141 асуудал, 136 эрсдлийг илрүүлсэн бөгөөд үүний 82 хувь нь байгууллагын дотоод хүчин зүйлээс шалтгаалж, өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.
Шалгалтын дүгнэлтэд үндэслэн гаалийн шат дамжлагыг багасгах, нийтлэг журмыг шинэчлэх, холбогдох өөрчлөлтийг 2025 оны 8-р сарын 31-ний дотор хийх үүргийг Тэргүүн шадар сайд Н.Учрал өгсөн юм.
Ингэснээр 2025 оны 8-р сарын 8-наас “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэлж, 18,314 иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус 11 байгууллага, харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн нийт 362 саналыг нэгтгэн хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж шинэ журмыг баталлаа.
Шинэчилсэн журамд:
✅2019 оноос мөрдөгдөж байсан 13 бүлэг, 198 заалтыг 6 бүлэг, 105 зүйл болгон багасгасан
✅Шат дамжлагыг цөөрүүлсэн
✅Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн
✅Бусад байгууллагатай мэдээлэл солилцох процессыг цахим болгосон
✅Гаалийн улсын байцаагчийн цаасан баримт, гарын үсэг шаарддаг үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн
✅Бүрдүүлэлтийн үе шат бүрд зарцуулах хугацааг тодорхой зааж оруулсан
✅Хорио цээр, эрүүл ахуй, чанарын хяналттай холбоотой зохицуулалтыг шинэчилсэн зэрэг өөрлөлтүүд багтжээ.
Энэхүү шинэчлэл нь ашиг сонирхлоос ангид байх, хүнд суртлыг бууруулах зорилготой бөгөөд шат дарааллыг 40 орчим хувиар багасгаж, гаалийн ахлах байцаагчаас шалтгаалах шийдвэр гаргалтыг бууруулж, цахимжилтыг нэмэгдүүлснээр Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжийн цаг, зардлыг хэмнэх боломжийг бүрдүүллээ.