ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХУРДАН ШУУРХАЙ ХҮРГЭХ АЖЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
2026-04-29

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Засгийн газрын агентлагийн дарга нартай уулзалт зохион байгуулж, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ, төрийн үйлчилгээний цахимжилт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хяналт шалгалтын уялдаа холбооны талаар, төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүн, хуулийн этгээдэд тэгш хүртээмжтэй хүргэх, ажлыг үр дүнтэй зохион байгуулж, төр иргэндээ очиж үйлчлэх, цахимаар ирсэн хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэх талаар хууль тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, хүнд суртлыг бий болгож байгаа асуудлыг бууруулах, төрийн албан хаагчийн ажлын ачаалал, давхардсан тайлан, хэрэгцээгүй хяналт шалгалтыг багасгах талаар холбогдох шийдвэрийг биелэлтийг хангаж ажиллах шаардлагатай байгааг чухалчлав.
Мөн чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хүрээнд агентлагуудын үндсэн чиг үүрэг, бүтэц, орон тоо, яам–агентлагийн зааг ялгаа, давхардал, хийдлийг бодитой тодорхойлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, шийдвэр гаргалтыг өгөгдөлд тулгуурлан гаргах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Төр өөрөө хөнгөн, хурдан, хариуцлагатай, иргэндээ ойлгомжтой болох нь төрийн шинэчлэлийн үндсэн суурь юм.