Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагууд Монголын Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ-ын хүсэлтийн дагуу уулзалт (2026.05.06) зохион байгууллаа.
2026-05-08

“МИТА” ТББ нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт 4 бүлэг, 20 гаруй санал хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлжээ.
Жишээлбэл:
• Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зарчим нь мэдээлэл технологийн салбарт үйлчлэхгүй байгаагаас гадна, тендерийн сонгон шалгаруулалтын явцад хийдэл, давуу байдал зэрэг асуудлууд гарч байгааг тодорхой жишээ баримтад тулгуурлан тайлбарласан;
• Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө холбогдох асуудлаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвлөмж, дүгнэлт гаргуулах” гэж заасан зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд энэ хэсгийг заавал хэрэгжүүлэх чиглэлийг өгөх;
• Мэдээлэл, технологийн салбарт чиглэсэн Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж, нэгдсэн төлөвлөлт, хяналтын системийг бий болгох, цаашид төрийн ажлыг амжилтгүй, эсхүл хангалттгүй гүйцэтгэсэн компаниудыг оноожуулж, хар жагсаалтад оруулах, хариуцлага тооцох механизмтай болгох зэрэг хүсэлтэй байгаа юм.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар: “Засгийн газраас тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж байхад ямар нэгэн төрийн албан хаагч дээр хийдэл, гацаа, хүнд суртал, авлигын шинжтэй асуудал үүсч байгаа бол энэ бүхнийг баримт, нотолгоотой мэдээлэхийг хүслээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар ирсэн өргөдөл, гомдол, саналыг хуулийн дагуу, судалгаатай, нотолгоотой, хурдан шуурхай шийдвэрлэн ажиллана. Цаашид хувийн хэвшил, бусад салбарын холбоод, иргэдтэй тогтмол уулзах тул ямар нэгэн шат дамжлага, хүнд сурталгүйгээр манай байгууллагад хандаж болно” гэдгийг онцоллоо.
Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ-ын дэд ерөнхийлөгч С.Чулуунбат: “Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд манай холбоо 3 сар гаруй хөөцөлдөж, шийдвэрлэгдэхгүй байсан гомдол, саналыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 14 хоногийн дотор шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн уулзалтаар төрийн хяналт шалгалт илүү сайн түвшинд гарч байгаа талаар санал хэллээ. Манай холбоо цаашид хамтран ажиллая гэсэн итгэл, урам авлаа. Уриа лоозонгийн шинжтэй бус, бодитой ажил хэрэг болгох нь бидний итгэлцэл юм” гэв.
Тус уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газар, хэлтсийн дарга нар Мэдээллийн технологийн нэгдсэн холбооноос ирүүлсэн гомдол, саналын хүрээнд бодитой мэдээлэл өгч, хяналт шалгалтын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.Төр, хувийн хэвшил хамтарч, Засгийн газрын бодлогыг бодитой, ил тод, хүртээмжтэй байдлаар ажил хэрэг болгоход Мэдээллийн технологийн салбар хамтран ажиллаж, төрийн хяналт шалгалтыг тууштай дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
#Чөлөөлье