Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмж-Эдийн засгийн өсөлт” сэдэвт нээлттэй 7 хоног өнөөдөр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д эхэллээ.
Засгийн газрын хяналтын тогтолцоо, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр нөлөө, төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг оролцогч талуудад танилцуулж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг оролцоог хангах зорилготойгоо тус нээлттэй долоо хоногийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас:
• Засгийн газар дахь хяналтын тогтолцоо,
• Төрийн бүтээмж, түүний ач холбогдол,
• Хиймэл оюунд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ,
• Хяналт шалгалт, анхаарах асуудал,
• Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчлэл
• Процессын дахин инженерчлэл хийх нийтлэл аргачлалын танилцуулгуудыг Яам, агентлаг, судалгааны хүрээлэнгүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч зэрэг 80 гаруй хүнд танхимаар, 21 аймгийн ЗДТГ-ын 50 гаруй ажилтан албан хаагчдад цахимаар хүргэлээ.
Энэ үеэр төрийн хяналтын байгууллагын оролцоотойгоор Монгол улсын Эдийн засгийн өсөлтийг хэрхэн тогтвортой байлгах вэ, төрийн албан хаагчдын үндсэн ажлыг хийлгэж, олон тайлангаас чөлөөлөх ажлууд ямар хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа талаар болон 125 мянган төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн систем, шилэн дансны хөтлөлт ямар түвшинд байна, төрийн байгууллагуудад нийтлэг ирж буй өргөдөл, гомдлууд, түүний шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн юм.
Маргааш буюу 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус өдөрлөг “Шилдэг туршлага-Хөгжлийн шийдэл сэдвээр үргэлжлэх юм.