Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран зохион байгуулж буй “ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” сэдэвт нээлттэй өдөрлөг өнөөдөр “Шилдэг туршлага-Хөгжлийн шийдэл” сэдвээр яам, агентлаг, төрийн байгууллагуудын 85 оролцогч, 21 аймгаас цахимаар 60 оролцогчтойгоор үргэлжиллээ.
2026-05-12
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг нээж үг хэлсэн бол хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хувьд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд байгаа, цаашид яаж хамтран ажиллавал зохистой болох сэдвийн хүрээнд өрнөлөө.
Хувийн хэвшлийг төлөөлж “Голомт” банкны мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо” ТББ-ын дэд ерөнхийлөгч С.Чулуунбат, “Систем Арт Венчурс” ХХК-ийн захирал Ц.Мөнхтуяа нар шилдэг сайн туршлагуудыг хуваалцсан сонирхолтой мэдээллүүдийг өгч, төр хувийн хэвшил хамтран ажиллахад үүсэж байгаа хүндрэл, нэгдсэн төрийн мэдээллийн цахим сан, систем хөгжүүлэх, төрийн хэмнэлт хийж болох гарц шийдлийн талаар ярилцлаа.
Мөн Эрдэнэс Монгол нэгдлийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын Ерөнхий аудитор О.Баярмагнай төрийн оролцоотой компанид ямар өөрчлөлт шинэчлэлийг хийсэн талаарх сайн туршлагуудаа хуваалцаж, эрсдэлд суурилсан менежмент, хэмнэлтийг төрд хэрхэн хийж болох санаачилгуудыг танилцууллаа.
Мөн өнөөдрийн хувьд төр, хувийн хэвшлийнхний оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Баянмөнх, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн Дэд профессор, Доктор Б.Эрдэнэдалай нар олон улстай харьцуулсан судалгаа мэдээллийг өглөө.
2026 оны 05 дугаар сарын 14-ний Пүрэв гарагт 09:00-12:30 цагийн хооронд “Хариуцлагатай засаглал-Ил тод, нээлттэй байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.