ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ИРСЭН САНАЛ, ХҮСЭЛТҮҮДИЙГ НЭГТГЭН ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛЖ ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛНЭ
2026-05-15
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Төрийн бүтээмж-Эдийн засгийн өсөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нээлттэй 7 хоногийн арга хэмжээгээ өнөөдөр “ Хүн төвтэй төрийн үйлчилгээ-Иргэдийн оролцоо” сэдвээр хаалаа.
4 өдрийн турш:
📌 Төрийн албанд гарч буй доголдол, зөрчил,
📌 Иргэдээс нийтлэг ирж буй санал гомдол, түүний шийдвэрлэлт,
📌 Хууль эрх зүйн шинэчлэл,
📌 Технологийн дэвшил ба хууль эрх зүйн орчин 📌 Төрийн алба эдийн засгийн тогтвортой байдал болоод өсөлтөд хэрхэн нөлөөлөх боломж байна, ямар саад тотгор учирч байгаа вэ?
📌 Төрийн албан хаагчдыг чадавхжуулах тал дээр яаж анхаарах ёстой вэ?
📌 Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна,
📌 Монгол улсын Засгийн газрын 127 дугаар тогтоолтой холбоотой “Чөлөөлье” санаачлагын хэрэгжилт бодит амьдрал дээр яаж хэрэгжиж байгаа, ямар хяналт тавих ёстой, цаашид анхаарах асуудлууд гэх мэт сэдвүүдийн хүрээнд иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, судлаачид, төрийн албан хаагчид, хянан шалгагчид, яам, агентлагуудын мэргэжилтнүүд, шинжээчид, аймаг сумдын төрийн албан хаагчид гэсэн 500 гаруй оролцогчид танхимаар болон цахимаар оролцож, илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнүүллээ.
Нээлттэй арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийнхэн төрөөс шаардаж байгаа асуудлуудаа бодит жишээн дээр тулгуурлан ярьсан бол, харин иргэдийн хувьд өргөдөл гомдлын шийдвэрлэлт удаан, шижүүлэн ажилласан гэдэг байдлаар тайлангаа гаргаж байгааг эргэн харах шаардлагатай байгааг нийтлэг ярьж байлаа. Харин төрийн албан хаагчдын хувьд шударга бус үнэлгээ, ажилдаа сэтгэл дундуур байгаа зэрэг нөлөөллөөс үүдэлтэйгээр бухимдал үүсч, эргээд үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлдөг талаар бодит судалгааг танилцуулсан юм. Иргэд, хувийн хэвшлийнхнээс гадна төрийн албан хаагчдыг ч гэсэн “хүн” гэдэг талаас авч үзэж байхыг тэд хүслээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар 4 өдрийн турш ирсэн санал хүсэлт, гомдол, хууль эрхзүйн орчинд тусгах өөрчлөлтүүд зэрэг тэмдэглэлүүдийг нэгтгэн дараагийн ажилдаа тусгахын зэрэгцээ, зөвлөмж боловсруулж Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол улсын Засгийн газарт хүргүүлэн ажиллах, эргэх холбоотойгоор хяналт тавих, өргөдөл гомдлын шийдвэрлэлт дээр тусгай ажлын хэсэг байгуулсан талаараа мэдэгдлээ.