“ТЕКСТЭН ӨГӨГДӨЛД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-04
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллага хамтран “Текстэн өгөгдөлд шинжилгээ хийх аргачлал” сэдэвт сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтыг Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” бодлогын үнэлгээний Удирдах хорооны гишүүн, ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагын үнэлгээчин Дирк Хоффманн, үнэлгээний багийн ахлагч Ө.Эрдэнэчимэг, залуу үнэлгээчин М.Хонгорзул нар удирдан явуулсан бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын албан хаагчид болон Үнэлгээний техникийн багийн гишүүд хамрагдлаа.
Сургалтын хүрээнд текстэн мэдээллийг кодлох, ангилах, задлан шинжлэх арга зүй, хиймэл оюун ухааныг шинжилгээнд ашиглах боломж, мөн чанарын өгөгдлөөс гол агуулга, үндсэн хэв шинжийг тодорхойлох аргачлалыг танилцуулсан юм.
Түүнчлэн оролцогчид жишээ өгөгдөл дээр ажиллаж, сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа практик байдлаар бататгалаа.