Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын бүрэлдэхүүн 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллаж, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн удирдлагууд, холбогдох албан хаагчидтай уулзалт хийв.
Уулзалтын үеэр тус аймгуудад Засгийн газрын хяналтын холбогдох судалгаа, шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын ажлын үр дүнг танилцууллаа. Тухайлбал, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц-чиг үүргийн болон мандатын шинжилгээ, төрийн албан хаагч болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээний дүн, хөгжлийн бодлогын хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг аймаг тус бүрээр нарийвчлан авч хэлэлцлээ.