“Үнэлгээ хийх зарим аргачлал, Улсын үнэлгээний чадавхын индексийн хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Арга хэмжээг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн хэлтсийн дарга Б.Баярсүх нээж, оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Сургалтын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үр дүнгийн шинжилгээний хэлтсийн албан хаагчид, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Эрдэнэбаяр, “Эм Эм Си Жи” ХХК-ийн Бодлогын судалгааны захирал Ч.Даваасүрэн, “Канад–Монгол Мерит” төслийн зөвлөх Рэймонд Жервэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх Г.Цэрэнжаргал нар илтгэл тавьж, үнэлгээний арга зүй, практик хэрэглээний талаар мэдлэг, туршлагаа хуваалцан сургагч багшаар ажиллаж байна.
Мөн Германы Хөгжлийн үнэлгээний байгууллагын үнэлгээчид болон Монголын үнэлгээний холбооны төлөөлөл Улсын үнэлгээний чадавхын индекс (INCE)-ийн үзэл баримтлал, хэрэглээ, Монгол Улсад хэрэгжиж буй бодлогын үнэлгээний өнөөгийн туршлага, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.
Үүнээс гадна Дэлхийн банкны дэргэдэх Дэлхийн үнэлгээний санаачилга байгууллагаас мониторинг, үнэлгээний тогтолцоог цогцоор нь шинжлэх MESA арга хэрэгслийн хэрэглээг танилцуулж, төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал болон хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог сайжруулах боломж, арга замын талаар хэлэлцэв.
Түүнчлэн 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Япон Улсаас хүрэлцэн ирсэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Үнэлгээний газрын албан хаагчид болон зөвлөхүүд “Хөгжлийн албан ёсны тусламжийн төсөлд үнэлгээ хийх аргачлал” сэдэвт сургалтыг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр сургалт, хэлэлцүүлэг нь төрийн байгууллагуудын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргах соёлыг төлөвшүүлэх, улмаар төрийн үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.