Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын Үнэлгээний газрын 2 дугаар хэлтсийн захирал Танака Кэйсүкэ, ажилтан Такэхата Анжү, “ОПМАК” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд ахлах зөвлөх Накамүра Хисами, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Засаглалын салбарын төлөөлөгч А.Сайхантуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Япон Улсын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн үнэлгээний арга зүй, олон улсын туршлага, сургамжийн талаар санал солилцож, Монгол Улсад нотолгоонд суурилсан бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтыг дэмжих үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Мөн Монгол Улсын засаглал, төрийн удирдлагын салбар дахь хамтын ажиллагааны үр дүн, үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцаж, төрийн байгууллагуудын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Засаглалын салбарын төлөөлөгч А.Сайхантуяа “Хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн үр нөлөө, тогтвортой байдлыг хангахад үнэлгээ чухал үүрэгтэй. Төсөл дууссаны дараа ч үр дүн нь тогтвортой хадгалагдаж, бие даан хөгжих боломж бүрдсэн эсэхийг үнэлэх нь цаашдын бодлого, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чухал эргэх холбоо болдог” хэмээн онцоллоо.
Түүнчлэн ЖАЙКА-ийн Үнэлгээний газрын 2 дугаар хэлтсийн захирал Танака Кэйсүкэ Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон яамдын үнэлгээ хариуцсан албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж, энэхүү сургалт нь Монгол Улсад үнэлгээний тогтолцоог хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.