ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-24
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, тандалт судалгаа, процессын дахин инженерчлэлийн зөвлөмжийн хэрэгжилт, эрсдэлийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар танилцуулах, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр болон газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдах түвшний албан хаагчид оролцов.
Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, бүтэц, чиг үүргийн шинжилгээ, процессын дахин инженерчлэлийн зөвлөмжийн хэрэгжилт, сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, цахим шилжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээ зэрэг асуудлыг танилцууллаа.
Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн процессын дахин инженерчлэлийн 25 зөвлөмжийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудал, цахим системийн уялдаа холбоог сайжруулах, иргэн төвтэй үйлчилгээг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, байгууллагын засаглал, хариуцлага, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Түүнчлэн төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн үнэлгээгээр Эрүүл мэндийн яам хөгжлийн эхний шатанд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хөгжиж буй түвшинд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар суурь тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай түвшинд байгааг танилцуулж, эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, бодлого, зохион байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг тогтмолжуулах чиглэлээр зөвлөмж өглөө.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр нөлөө, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллагын засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

See less