Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2026 оны А/72 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх газар дээрх хяналт-шинжилгээний ажлыг төрийн захиргааны төв байгууллагууд болон холбогдох агентлагуудад эхлүүллээ.
Хяналт-шинжилгээ нь Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарч байна. Үүнд:
– Засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2025 оны жилийн эцсийн хэрэгжилтийн үнэлгээгээр “үр дүн хангалтгүй” болон “үр дүн гараагүй” гэж үнэлэгдсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт;
– Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц, үр дүн.
Газар дээрх хяналт-шинжилгээний ажил 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд хэрэгжилтийн бодит нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг тодорхойлон, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чиглэнэ.
Мөн хяналт-шинжилгээний хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг сайжруулах, төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлага, гүйцэтгэлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.