Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын эрхэм зорилго
1.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага байна.
1.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (цаашид “Хяналт хэрэгжүүлэх газар” гэх)-ын эрхэм зорилго нь Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршино.
1.3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
1.3.1.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан (цаашид “байгууллага, албан тушаалтан” гэх), улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэл (цаашид “хууль тогтоомж, бодлого, шийдвэр” гэх)-ийг болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох хуульд заасны дагуу хяналт тавих, байгууллагын дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
1.3.2.байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах;
1.3.3.Засгийн газрын харьяа байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлига, хүнд суртлын индекс, олон нийтийн санаа бодол, өргөдөл, гомдлын шинж байдал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд тандалт судалгаа хийх, дүн шинжлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
1.3.4.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх, хуулиар харьяалуулсан чиг үүрэгтэй холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах, санал, зөвлөмж боловсруулах;
1.3.5.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналтын хүрээнд мэдээллийн системийн шинжилгээ хийх, үр ашигтай, бүтээмжтэй системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар санал, зөвлөмж өгөх, хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, удирдах;
1.3.6.Хяналт хэрэгжүүлэх газрын төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
1.3.7.Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, бодлого, шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдал болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж, санал өгч санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх.