ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх
газрын эрхэм зорилго
1.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага байна.
1.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (цаашид “Хяналт хэрэгжүүлэх газар” гэх)-ын эрхэм зорилго нь Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршино.
1.3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
1.3.1.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан (цаашид “байгууллага, албан тушаалтан” гэх), улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэл (цаашид “хууль тогтоомж, бодлого, шийдвэр” гэх)-ийг болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох хуульд заасны дагуу хяналт тавих, байгууллагын дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
1.3.2.байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах;
1.3.3.Засгийн газрын харьяа байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлига, хүнд суртлын индекс, олон нийтийн санаа бодол, өргөдөл, гомдлын шинж байдал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд тандалт судалгаа хийх, дүн шинжлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
1.3.4.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх, хуулиар харьяалуулсан чиг үүрэгтэй холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах, эдгээр асуудлаар удирдлагыг зөвлөгөө, арга зүй, мэдээлэл, лавлагаагаар хангах, санал, зөвлөмж боловсруулах;
1.3.5.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналтын хүрээнд мэдээллийн системийн шинжилгээ хийх, үр ашигтай, бүтээмжтэй системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар санал, зөвлөмж өгөх, хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, удирдах;
1.3.6.Хяналт хэрэгжүүлэх газрын төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
1.3.7.Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, бодлого, шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдал болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж, санал өгч санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх.
Хоёр.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын
эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж,
эрх зүйн бусад акт
2.1.Хяналт хэрэгжүүлэх газрын эрх зүйн байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү дүрмээр тодорхойлогдоно.
Гурав.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын
үйл ажиллагааны зарчим
3.1.Хяналт хэрэгжүүлэх газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд заасан зарчмыг баримтална.
3.2.Хяналт хэрэгжүүлэх газар үйл ажиллагаагаа явуулахдаа хууль дээдлэх, ил тод байх зарчим, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримтална.
Дөрөв.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх
газрын тамга, тэмдэг
4.1.Хяналт хэрэгжүүлэх газар тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.
Тав.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх
газрын удирдлага
5.1.Хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга (цаашид “Хяналт хэрэгжүүлэх газрын дарга” гэх) бөгөөд Ерөнхий хянан шалгагч тэргүүлнэ.
5.2.Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч дараах эрх, үүрэгтэй:
5.2.1.байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түүний үр дүнг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын өмнө хариуцан тайлагнах;
5.2.2.Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргыг Засгийн газар дахь хяналтын тухай хуульд заасан хяналт шалгалт хийсэн талаарх мэдээллээр хангах;
5.2.3.эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах;
5.2.4.байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
5.2.5.ахлах хянан шалгагч, хянан шалгагч болон байгууллагын бусад албан хаагчийг томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;
5.2.6.батлагдсан төсвийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
5.2.7.батлагдсан төсөв, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;
5.2.8.тогтоосон журмын дагуу байгууллагын нэр дээр банканд харилцах данс нээх;
5.2.9.байгууллагыг төлөөлж бусад байгууллагатай харилцах;
5.2.10.албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлах;
5.2.11.байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар батлуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;
5.2.12.хяналт шалгалттай холбоотой дүгнэлт, албан шаардлага, санал, мэдэгдэл хүргүүлэх;
5.2.13.байгууллагын дотоод журмыг батлах;
5.2.14.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэ дүрмээр тогтоосон болон Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаас хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлсэн бусад эрх, үүрэг.
5.3.Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.
5.4.Хяналт хэрэгжүүлэх газрыг гадаад, дотоодод байгууллагын дарга төлөөлнө. Байгууллагын даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга байгууллагыг төлөөлж болно.
Зургаа.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх
газрын чиг үүрэг
6.1.Хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
6.2.Хяналт хэрэгжүүлэх газар эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, чиг үүргээ хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллана.
6.3.Хяналт хэрэгжүүлэх газар дараах зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:
6.3.1.Үнэлгээ, мониторингийн газар (Үнэлгээ, мониторингийн хэлтэс, Үр дүнгийн шинжилгээний хэлтэстэй байна);
6.3.2.Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газар (Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтэс, Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтэстэй байна);
6.3.3.Хяналт, шалгалтын газар (Үйл ажиллагааны хяналт, шалгалтын хэлтэс, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэй байна);
6.3.4.Хууль, эрх зүйн газар;
6.3.5.Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газар;
6.3.6.Тамгын газар (Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэстэй байна);
6.3.7.Дотоод хяналт, аудитын газар.
6.4.Энэ дүрмийн 6.3-т заасан газрын даргын албан тушаалыг “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Газрын дарга (зэрэглэл АА-2)-ын албан тушаалтай дүйцүүлнэ.
6.5.Энэ дүрмийн 6.3-т заасан хэлтсийн даргын албан тушаалыг “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Хэлтсийн дарга (зэрэглэл АА-3)-ын албан тушаалтай дүйцүүлнэ.
6.6.Энэ дүрмийн 6.3-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаас бусад, мөн энэ дүрмийн 6.4, 6.5-д хамаарахаас бусад албан тушаалыг “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Засгийн газрын ахлах референт (зэрэглэл АА-4), Засгийн газрын референт (зэрэглэл АА-5), ахлах шинжээч (зэрэглэл АА-6), шинжээч (зэрэглэл АА-7), ахлах мэргэжилтэн (АА-9)-ий албан тушаалтай дүйцүүлнэ.
6.7.Энэ дүрмийн 6.3-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн зарим албан тушаалд шинжээч-судлаач, судлаач, зөвлөхийг гэрээгээр ажиллуулж болно.
6.8.Үнэлгээ, мониторингийн газар дараах чиг үүрэгтэй:
6.8.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, үр дүнг нэгтгэх;
6.8.2.үнэлгээ, мониторингийн эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, мониторинг, үнэлгээг улсын арга, аргачлалын дагуу хийх;
6.8.3.үнэлгээ, мониторинг хийхэд төрийн байгууллагууд болон оролцогч талуудын оролцоог хангах, статистикийн арга аргачлал, тоон болон чанарын судалгааны программ хангамжийн хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэх;
6.8.4.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэжил, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх;
6.8.5.байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх.
6.9.Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газар дараах чиг үүрэгтэй:
6.9.1.төрийн байгууллагад процессын дахин инженерчлэлийг хийх, сайн засаглалыг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
6.9.2.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлига, хүнд суртлын түвшин, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын дүн мэдээ, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдалд үндэслэн судалгаа, дүн шинжилгээ хийх;
6.9.3.энэ дүрмийн 6.9.2-т заасан судалгаа, дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж болзошгүй, үүсгэж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох;
6.9.4.хяналт шалгалтын үр дүнд бодлогын судалгаа, шинжилгээ хийх;
6.9.5.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа чанартай, хүртээмжтэй, шуурхай байгаа эсэхэд хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулах, бодлогын судалгаа хийх;
6.9.6.судалгаа, шинжилгээний чиглэлээр гадаад, дотоод болон олон улсын судалгааны байгууллагатай хамтран ажиллах;
6.9.7.нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон бодлого, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, судалгаа, шинжилгээнд тулгуурлан дүгнэлт, санал, зөвлөмж гаргах;
6.9.8.эрсдэлийн удирдлагын талаар баримтлах заавар, гарын авлагыг боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
6.9.9.эрсдэлийн удирдлагыг сайжруулах талаар судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулах, байгууллага, албан тушаалтанд эрсдэлийг бууруулж ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэх;
6.9.10.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн хяналт шалгалтыг төлөвлөх.
6.10.Хяналт, шалгалтын газар дараах чиг үүрэгтэй:
6.10.1.байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
6.10.2.эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, байгууллага, албан тушаалтны талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан хугацаанд нэгтгэн гаргаж, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;
6.10.3.Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын өгсөн үүргийн дагуу улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах;
6.10.4.хяналт шалгалт хийсэн талаарх дүнг мэдээллийн санд хөтлөх, нэгтгэх, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, бусад байгууллагад танилцуулах;
6.10.5.хяналт шалгалтын дүнг үндэслэн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
6.10.6.эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах, албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах;
6.10.7.байгууллага, албан тушаалтны дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
6.11.Хууль, эрх зүйн газар дараах чиг үүрэгтэй:
6.11.1.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17.1.6-д заасны дагуу хууль тогтоомж, бодлого, шийдвэр, журам, стандартыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэх;
6.11.2.байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль тогтоомж, бодлого, шийдвэр, журам, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулах;
6.11.3.хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, байгууллагыг шүүхэд төлөөлөх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6.11.4.Хяналт хэрэгжүүлэх газраас боловсруулсан Засгийн газрын шийдвэрийн төслийн хууль зүйн үндэслэлийг хянах, санал боловсруулах;
6.11.5.хуулиар харьяалуулсан чиг үүрэгтэй холбоотой байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг бүртгэж, холбогдох шийдвэрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх.
6.12.Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газар дараах чиг үүрэгтэй:
6.12.1.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих хүрээнд системийн шинжилгээ хийж, мэдээллийн технологийн дэвшил нэвтрүүлэх;
6.12.2.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих хүрээнд мэдээллийн хэрэгцээг хангах, үр ашигтай, бүтээмжтэй мэдээллийн системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар санал, зөвлөмж өгөх;
6.12.3.хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, тандалт судалгааны мэдээллийн системийг хөгжүүлэх, удирдах, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны тогтвортой ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
6.12.4.тушаал, шийдвэр, үүрэг, даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцооны дотоод цахим системийн нэгтгэл, түүний удирдлагыг хэрэгжүүлэх;
6.12.5.Хяналт хэрэгжүүлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах;
6.12.6.байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг сүлжээ, систем, программ хангамж, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах.
6.13.Тамгын газар дараах чиг үүрэгтэй:
6.13.1.төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, манлайллыг хэрэгжүүлэх;
6.13.2.Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;
6.13.3.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
6.13.4.байгууллагын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
6.13.5.урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулж, тайлагнах;
6.13.6.байгууллагын архив, албан хэргийг хөтлөх, дотоод үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;
6.13.7.хяналт шалгалтын дүн, тайлан, судалгаа болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээллийг олон нийт танилцах боломжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;
6.13.8.өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай дуудлагын утсаар, бичгээр, цахимаар, биечлэн болон бусад боломжит хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих;
6.13.9.байгууллагын гадаад, дотоод, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх.
6.14.Дотоод хяналт, аудитын газар дараах чиг үүрэгтэй:
6.14.1.байгууллага, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж өгөх;
6.14.2.байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, бодлого, шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;
6.14.3.байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт хийх;
6.14.4.хянан шалгагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах;
6.14.5.байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх ажлыг зохион байгуулах;
6.14.6.байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг хэрэгжүүлэх.
6.15.Хяналт хэрэгжүүлэх газар өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг монгол, англи хэлээр харуулсан цахим хуудастай байна.
Долоо.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын
ажиллах нөхцөл, баталгаа
7.1.Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.
7.2.Хяналт хэрэгжүүлэх газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, түүнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
7.3.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох нь Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.4.Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж байгаа албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, төрийн мэргэшсэн албан хаагч байх ба нийтийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.
Найм.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын төсөв
8.1.Хяналт хэрэгжүүлэх газар төсөвтэй байна.
8.2.Хяналт хэрэгжүүлэх газрын төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг төсвийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.
Ес.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шагнал
9.1.Хяналт хэрэгжүүлэх газрын шагнал нь Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “Хүндэт жуух бичиг” байх бөгөөд уг шагналыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаалаар олгоно.
9.2.Энэ дүрмийн 9.1-д заасан “Хүндэт жуух бичиг”-ийг Засгийн газар дахь хяналтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчид олгож, урамшуулна.
9.3.Хяналт хэрэгжүүлэх газраас олгох шагналын нийтлэг загвар, дагалдах мөнгөн шагналын хэмжээг Хяналт хэрэгжүүлэх газрын дарга тогтооно.
—-o0o—-