Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн дагуу иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа.
Тус танилцуулгын үеэр дараах асуудлуудыг хэлэлцлээ:
- Төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны 38 байгууллагаас өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хүлээн авч, нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухай, Засгийн газрын хуралдаанаас гарсан тэмдэглэл, түүний хэрэгжилтийн тухай;
- 2023, 2024 оны жилийн эцэс, 2025 оны III улирлын байдлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын тоо, төрөл, хүлээн авсан хэлбэр, шийдвэрлэлтийн хувь;
- Иргэдээс төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ирүүлж буй гомдлын агуулгад нийтлэг ажиглагдаж буй асуудал;
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/66 дугаартай тушаалаар батлагдсан “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журам”-ын тухай;
- Өргөдөл, гомдлын мэдээллийн нэгдсэн сангийн тухай;
Байнгын хорооны гишүүдээс цаашид өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд тогтмол мэдээлж байх, бусад байнгын хороодод хариуцсан чиглэлийн холбогдох өргөдөл, гомдлын мэдээллийг хүргэж байх, өргөдөл, гомдлын нэгдсэн системээр иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлэх, тайлагнах тогтолцоог хүртээмжтэй байхаар зохион байгуулах чиглэл өглөө.