Нотолгоонд суурилсан ШИЙДВЭР ГАРГАЛТЫГ төлөвшүүлэх чиглэлээр НҮБ-ын зөвлөхтэй санал солилцлоо
2026-01-13

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Монгол Улсад ажиллахаар ирээд буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан зөвлөх Дэвид Слаттерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, бодлогын хэрэгжилтийн бодит үр дүнг хэмжих, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

НҮБ-ын зөвлөх Монголд ажиллах үеэрээ холбогдох төрийн байгууллагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нэгтгэн дүгнэхээр төлөвлөж байгаагаа  онцоллоо. Талууд Монгол Улсын хяналт-шинжилгээний тогтолцоог бүхэлд нь зөв шинжлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдлэг солилцох, суралцангаа-хэрэгжүүлэх зарчимд тулгуурласан сургалт, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг санал нэгтэй илэрхийллээ.