Төрийн хяналт шалгалт давхардалгүй, ил тод, ёс зүйтэй хийгдэх ёстойг хуулинд тусгаж өгөхийг хувийн хэвшлийнхэн хүсч байна
2026-01-30

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын хүрээнд Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын эм хангамжийн шинэчлэл холбоо, Монголын эмийн санчдын холбоо, Премиум нексус ХК, Анунгоо ХХК, Дижитал концепт ХХК, GS25, И-Март, Макс групп, Хармаг хулан ХХК, Мобиком корпораци -ийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.

ЗГХХГ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран тус хэлэлцүүлгийн хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Төрийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, зөвлөн тусалдаг байдлаар хийх зорилготой байгаа юм.

Хэлэлцүүлэгт оролцсон ТББ-ууд болон компаниудын төлөөлөл төрийн хяналт шалгалт ажилд ямар хүндрэл чирэгдэл учруулж байгаа, цаашдаа хэрхэн яаж зохицуулах боломжтой талаарх саналуудаа хэлж асуулт, хариулт өрнөлөө.

Жишээ нь: Монголын худалдааны салбарт зохицуулалт хийсэн хуульгүй, цагдаа нар өдөр бүр шахам торгодог, төлөвлөгөөгүй хяналт шалгалт маш их байдгийг зохицуулах хэрэгтэй байгааг хэлж байсан бол харин эм зүйчдийн хувьд ажил мэргэжлийн алдаа гаргавал 10 мянган доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг хууль тогтоомж хэрэгжиж байгааг зохицуулах хэрэгтэй байгаа талаарх асуудлыг хөндөж байлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эхний ээлжинд төрөөс биш, хувийн хэвшлийнхнээс санал авах нь чухал байгааг онцлоод, салбар бүрийн санал бодлыг тусгаж ажиллахыг зорьж ирүүл байгаа саналыг хүлээн авахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.