Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд боллоо.
Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын 65 төлөөлөл оролцож, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын онцлогт нийцүүлэх талаар санал солилцов.
Хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг танилцуулж, төрийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, ил тод, зөвлөн туслах чиглэлд хөгжүүлэх зорилтыг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид гэнэтийн шалгалтын давтамж, улсын байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой хүндрэл, хяналтын хуудасны ил тод байдал, гомдол шийдвэрлэх механизм, хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх боломж зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Мөн хяналт шалгалтыг урьдчилан мэдэгддэг, давхардлыг бууруулсан, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан “зөвлөн туслах” хандлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, нийтийн эрх ашиг, зөрчил, эрүүгийн хариуцлагын уялдаа холбоог бодит нөхцөлд нийцүүлэх, мэргэжлийн судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх санал гаргалаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд цаашид салбар бүрийн оролцогчдыг хамруулсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, хамтран ажиллахаар санал нэгдэв.