Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Азийн бүтээмжийн байгууллагын 2026-2028 онд хамтарч ажиллах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тус газрын 2025 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж, цаашид Азийн бүтээмжийн байгууллагын “Алсын хараа – 2030” болон Стратегийн түншлэлийн хөтөлбөр (2026–2028)-ийн хүрээнд төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр чадавхи бэхжүүлэх, төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн бүтээмжийн индексийг тооцох аргачлал, арга зүйг боловсруулах зэрэг хамтран ажиллах саналуудыг хэлэлцлээ.
Стратегийн түншлэлийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Анар “Үндэсний Бүтээмжийн Мастер Төлөвлөгөө”-ний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын манлайлал чухал болохыг уулзалтын үеэр онцолсон байна.