ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖ, ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
2026-02-25
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-тай хамтран иргэн болон төрийн албан хаагчдад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд НЗДТГ болон харьяа 20 байгууллагын төрийн албан хаагчид, үйлчилгээ авсан иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа хийж, 2022–2024 онд ирүүлсэн өргөдөл, гомдлын дата мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийлээ.
Судалгааны үр дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат нарт танилцуулсан байна.
Судалгааны онцлох үр дүнгээс:
• Албан хаагч, иргэдийн харилцаа хандлага нь үйлчилгээний сэтгэл ханамжид шууд нөлөөлж байна;
• Нийт өргөдөл, гомдлын 53.7 хувийг гомдол дангаар эзэлж байна;
• 10 албан хаагч тутмын 3 нь ажилдаа сэтгэл ханамжгүй байна;
• Иргэд нэг үйлчилгээ авахын тулд олон дахин буцах, үйлчилгээг бүрэн авч чадахгүй байх зэрэг хүндрэл түгээмэл тулгарч байна.
Судалгааны үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийг тодорхойлох зорилгоор 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр холбогдох байгууллагуудын албан хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү судалгаа нь төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.